Монгол Улс 13 дугаар зууны тэртээгээс эхлэн хууль, дүрэм батлах, бодлогын асуудлуудаа шийдэхдээ нээлттэй хуралдаанаар хэлэлцэж ирсэн уламжлалтай бөгөөд Британи улсын Магна Карта-гаас 9 жилийн өмнө түүхэнд тэмдэглэгдсэн анхны Хуралдай буюу чуулга уулзалтыг хуралдуулж анхны Их Засаг Үндсэн хуулийг баталж, Их Монгол Улсын хаанаар Чингис хааныг өргөмжилж байсан билээ. Энэ цаг үеэс хойш улс орны өмнө тулгарсан аливаа асуудлыг бодлого боловсруулагчдын дунд нээлттэй хурлаар хэлэлцүүлэг явуулах замаар зохион байгуулдаг болсон юм.
Эдийн засгийн чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах нь Монгол Улсын хувьд ч, гадаад дотоодын бизнес эрхлэгчдэд ч чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгаа юм. Хөгжлийн асуудлаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгч нар, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, бодлогын зөвлөмж гаргаж байгаагаар онцлогтой.
Чуулга уулзалтад үндэсний бодлого боловсруулагчид буюу Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөл, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийнхэн оролцох юм. Чуулга уулзалт нь ил тод, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахад ихээхэн анхаарч, чуулга уулзалтын тухай мэдээллийг телевиз, интернэт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөнөөр нэвтрүүлж олон нийтэд хүргэх юм. Мөн нэр хүнд бүхий зочдыг оролцуулсан хэвлэлийн бага хурал зохион байгуулахын зэрэгцээ олон улсын болон Монголын томоохон хэвлэл мэдээллээр Чуулга уулзалтын талаархи мэдээллийг дамжуулна.